Tuesday, February 10, 2015

Цагаан сарын өдрүүдийг бүтээлчээр өнгөрүүлэх санаанууд

Амар байна уу хэмээн мэндлэн тохой өргөн золгох өдрүүд айсуй?
Сар шинийн 1, 2-ны өдрүүдэд ахмад настануудынхаа гэрт өрх бүлээрээ зочлон очиж, бэлтгэн авч очсон бэлэг сэлтээ барьж золголт хийж,  тухлан сууж аваад, цай идээ хүртэж, бууз жигнүүлэн идэнгээ улиран одсон жилийнхээ амжилт бүтээлээс дуулгаж, хүүхэд багачуудаараа дуу хуур тоглуулж, бэлэг сэлт гардан авч тор уутандаа хийсээр, автобус унаагаар явсаар 4-5 айлд зочлон очдог байдал миний өрх бүлд 1999 оноос хойш давтагдсан хэдий ч,

Жил бүрийн цагаан сарыг ямар гарын бэлэгтэйгээр, хэрхэн өөрчлөгдөн сайжирсан байдалтайгаар настан буурлууд дээрээ очих вэ гэдэгт гэргий бид хоёр ихэд анхаарч, үргэлж шинэчлэл хийхийг зорьдог.

2010 оны Цагаан сарын өдрүүдэд дараах бодол төрж билээ:
- Ахмадуудынхаа сургаал үгийг алдалгүй хадгалж авч, дахин сонсож байхын тулд дууны бичлэг хийдэг төхөөрөмж - DIGITAL AUDIO RECORDER бидэнд байх хэрэгтэйг ойлголоо.
- Цаг алдалгүй Ураг төрөл, удам судраа лавлан мэдэж, зурж тэмдэглэх, намтар түүхийг сонсож мэдэх хэрэгтэй юм даа, тэгэхгүй бол буурлууд маань нэг нэгээрээ бурхан болсоор, бидэнд өвөг дээдсийг ярьж танилцуулах хүмүүс минь цөөрсөөр байгааг мэдэрч эхэлсэн.
http://begzsuren.blogspot.com/2013/02/2010.html

Цагаан сарыг үр бүтээлтэй өнгөрүүлэх 2012 онд төрсөн санаа:
- гэр бүлийнхээ зургийг угаалгаж, золгохоор очих айл бүхэндээ өгье гэж бодож байгаа
- өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ургийн бичгээ http://www.myheritage.com/ вэбд онлайнаар эсвэл Family Tree Builder програмд http://www.myheritage.com/family-tree-builder оффлайнаар бэлтгэж, зочлох үедээ боломж гарвал зарим мэдээллийг засах, шинэ төрсөн болон оруулаагүй байсан хүмүүсийг оруулах
- настан буурлуудынхаа сургаал үг, ерөөлийг дуу бичлэгээр хурааж авах ухаалаг гар утас, диктафон гэх мэт төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, бэлтгэх
- энэ жилийн өнгө төрхийг хадгалж үлдээх зорилгоор зургийн аппарат, зураг авах төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, ТВ зэрэг шууд тоглуулах төхөөрөмж рүү холбох кабелиа марталгүй зэхэх
- өөрийн гараар хийсэн, Монгол үндэсний цоож түлхүүр, уяа гогцоо төрлийн төмөр утас, ясаар хийдэг тоглоомуудаасаа авч очиж, хүүхэд багачуудад бэлэглэж, яаж тоглодгийг үзүүлж харуулна. http://begzsuren.blogspot.com/2012/02/blog-post_4703.html

2013 онд Цагаан сараар дараах санаа бодол төрсөн:
Жил жилийн цагаан сарын өдрүүдэд тэнгэр хангай тогтуун сайхан байж, ах дүүс аав ээжийнхээ гэрт цуглаж, өвөө эмээдээ зорин очиж, ерөөлийн үгс, ураг төрлийн хэлхээ, өнгөрч буй жилийн сайн сайхан бүхнээ дурсан ярилцаж, ирж буй жилдээ сайн бүхний билэгдэн ерөөж өнгөрүүлж байна.
- Гэр бүлээрээ авахуулсан зургийнхаа ард талд овог нэр, төрсөн өдөр, шинэ төрсөн хүү, охиноо танилцуулж, тухайн жилийн онцлох амжилт, дурсамж, холбоо барих утас, имэйл зэргээ бичиж, Настан буурлындаа бэлэглэж, үлдээвэл их л бахархалтай.
- Настан буурлуудын зургийг зөвхөн шинэ төрсөн ач, зээ, гучтай нь хамтад нь авч, ерөөлийн үгийг нь дуун бичлэг хийж авах.
- Аавын ээжийн талын настан буурал болгоны гэрээр очиж, золгох учиртайг дахин ойлголоо. Ингэснээр ураг төрлийн холбоог батжуулж, эргэн сануулж, ач зээ нартай нь танилцах боломжоо бүү орхигдуулаарай.
- Цагаан сарын бэлэг сэлтээ базаахдаа, аль болох өөрсдийн, ах дүүгийн бэлтгэж чадах сүү цагаан идээ, боов, оёж урласан хувцас хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг худалдан авах, захиалан хийлгэх.
- Хамгийн чухал нэг зүйл бол, цагаан сарын идээ будаа, хоол цайг бэлтгэхдээ аль болох эрүүл хүнс, чанартай хоол бэлтгэх арга технологийг харилцан солилцож, ядаж л нийслэл салатыг хэрхэн зөв бэлтгэх ёстойг Монгол ТВ НД-ээр битүүний орой гарсан Нүүдэл нэвтрүүлгийн Монголчуудын идээ ундааны уламжлал шинэчлэл сэдэвт ярилцлагаас мэдэж, ойлгож авав гэх мэт.
http://begzsuren.blogspot.com/2013/02/blog-post_14.html

2014 онд Цагаан сараар дараах санаануудыг хэрэгжүүлсэн:
- Гэргий бид хоёр хүүхдүүдээ л дуулуулж, бүжиглүүлж, морин хуур тоглуулдаг байсан бол энэ жилээс эхлэн өөрсдөө ая дууны бэлэг барьж "12 жил", "Наран мандах нутаг", "Миний ардын сэтгэл цагаан" гурван дууг дуулж, бид хэдийгээр насанд хүрсэн ч, та бүгдийнхээ хувьд бага балчир үр чинь шүү дээ гэдгээ харуулахыг хичээсэн
- Арвайн гурил эсвэл хуурсан гурил, шар тосоор зул барьж, золголтын бэлгэндээ оруулсан минь, айл болгоны бурхан тахилын дэргэд бадамлан асаж, дараа нь хуваан идэж болдог нь сайхан санагдаж байсан.
- 2013 оны цагаан сар, эсвэл дараа нь зочлон очих үеийн фото зургийг угаалгаж, бэлгэндээ оруулсан.
- Цахим харилцааны хэрэгсэлд ах дүүс, хамаатан садны хүмүүсийг багтаасан нууц бүлгийг үүсгэж, ах дүүсээ онлайн орчинд холбож, сар шинийн зургуудаа хамтдаа онлайнд байрлуулж үзэж, харилцсаар байна.
- Зөвхөн цагаан сарын өдрүүдээр л бие биенээ мэдэж, уулзаж ярилцдаг байхаас илүү улирал тутамд ах дүүс, ураг төрлийн уулзалтыг бага зардлаар хийхээр шийдэж, Бэгзсүрэнгийн гэр бүлийн өдөрлөгийг 4-р сард хийсэн

2015 оны сар шинийн өмнөхөн надад дараах бодлууд төрж байна:
- Золголтоор явахдаа хүн бүр өөрийн аяга, халбага, савхаа аяганы уутанд хийж, өвөртөлж очиж, цай хоолоо идчихээд, долоогоод л өвөртөлнө, зочлон очсон айлдаа илүү аяга угаах цэвэрлэх болон яаруу сандруу дутуу цэвэрлэгдсэн аяга халбага хэрэглэж ам, шүлс, бохир гараар дамжих аливаа эрсдлээс сэргийлнэ ээ
- Гэргийн хамт өмнөх жилд дуулсан дуугаа дуулахын зэрэгцээ, Ерөөл цээжилж хэлнэ
- Хонин жил гарч буй тул хонь хэлбэртэй амттай талх боов хийж бэлгэндээ багтаана
- Ямар нэг байдлаар сургаал үгс бичигдсэн, өрх бүлийн фото зураг, гишүүдийн жин, өндөр бичигдсэн зургийг бэлгэндээ багтаана гэж бодож байна?
- Хүүхэд багачуудад ах дүүсээс бэлэн мөнгө төгрөг, чихэр боов бэлэглэдэгийг болиулж, хичээл сургуульд нь хэрэглэгдэх харандаа, бал, хичээлийн дэвтэр, зургийн дэвтэр зэргийг бэлэглээсэй хэмээн хүсэж байна. Учир нь хүүхдүүд өөрсдөд нь өгсөн бэлгийг хэнээр ч заалгахгүйгээр өөрөө захиран зарцуулахаар шийддэг, уурладаг тул зарим тохиолдолд бэлэн мөнгө төгрөг нь сургуулийн орчны дэлгүүр, пс тоглоомын газар зэргээр чөлөөтэй үйлчлүүлэх, мөн хэдэн өдрийн турш  хоол унднаас гарч, нэг доор чихэрлэг хүнс их идэж бага насныхаа маажуурыг сэдрээх, биеэ эсийн түвшинд гэмтээх дутагдалтай талуудтай байна.

эцэст нь бодлоо нэмж бичихэд, Цагаан сар нь өнгөрсөн жилдээ өрх бүлдээ юу бодож сэтгэж, бүтээж чадсанаа настан буурлуудаараа дамжуулан ах дүүсдээ үзүүлж танилцуулах, бахархалаа хуваалцах баяр.

Эрхэм та цагаан сарын өдрүүдийг хэрхэн бүтээлч, уламжлал шинэчлэлийг хослуулан тэмдэглэн өнгөрүүлдэг туршлагаа сэтгэгдэлд бичих, [mcl_begee et yahoo.com] хаяг руу имэйл бичин хуваалцаж, ухаалаг худалдан авалтаар амьдралаа хэмнэхэд нь хэн нэгэнд туслаарай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!