Барилга үйлдвэрлэл, засварын хог хаягдал ба Орон сууц
Хавар цаг, урин цаг ирж байгаль дэлхий цас, мөсөн хуягаа хайлуулж өөрийгөө угаан, урсгаж цэвэрлэж байна.
Цас, мөсөн доор нуугдаж байсан, өнгөрсөн хавар, зун, намар, өвлийн улирлуудад аваачиж хаясан барилгын хаягдлууд ил гарч ирлээ, манай энэ нутагт.
Байгалийн бүтээл болох ан амьтан, өвс ургамал өндийх гэтэл дээрээс нь цемент, шохой, будаг, шил, хуванцар тэргүүтэй Хүний ухаанаа зарж, сэтгэл зүрхээ гаргалгүй, мөнгө ашиг харж хиймэл бүтээсэн бүхэн амьд ертөнцийг дарангуйлж байна.
Эрхэм ухаант хүн, энэхүү блогийн уншигч минь ээ
- Өөрчлөлт нэг хүнээс эхэлдэг, харин та зөв гэж итгэж, сонгож, шийдээд эхэлсэн бол хэзээ ч бүү бууж өгөөрэй!
- Байшин, орон сууц, гэрээ тохижуулах зорилгоор химийн гаралтай эд зүйлс, ялангуяа өөрөөсөө хорт үнэр, хий, энергийг ялгаруулдаг, эвдрээд хаяхын цагт дахин боловсруулах боломжгүй, засаж сэлбээд ашиглах боломжгүй эд хөрөнгийг худалдан авахдаа Дахин нэг бодож үзнэ үү?
- Хамгийн сүүлд байшингаа засахдаа хэдэн шуудайгаар нь барилгын хогийг хаялуулснаа санаж байна уу, нэг шуудай барилгын хаягдал ямар хүнд жинтэй байсаныг нь өргөж үзэхдээ, өргөж байгаа хүмүүсийг харан мэдэрсэн үү, барилгын хог хаягдлаас ямар муухай чийг, хөгц үнэртэж байсан билээ?
- Монгол гэрийн мод, дээвэр, туурга, уяа бүслүүр нь бүгд байгалийн бүтээгдэхүүнээр хийгдсэн байдгийг мэднэ шүү дээ?
- Барилга байшинг арчлан тордох, сар бүр орон сууцны мөнгөн дээр чинь Засварын гээд хэдэн төгрөг, дахиад л метр, ширхэг гэлтгүй холбогч хоолой, холигч, почки гээд сэлбэг хэрэгслэлд бага гэхгүй мөнгө зардагаа тооцоорой?
Одоо тэгээд байшин, орон сууцанд амьдрахгүй бүгдээрээ Монгол гэрт амьдрах юм уу? Үгүй л байх даа. Шийдэл үргэлж байдаг:
1. Гагцхүү барилга орон сууцаа байгальд ээлтэй материалаар барих, барьсан эсэхийг асуудаг, барихаас нь өмнө шаардаж чаддаг Мэдлэгийн хүч л бидэнд хэрэгтэй.
2. Орон гэрээ тохижуулахдаа тохь тухаасаа илүүтэйгээр эрүүл мэнд, эрүүл байгалийг эрэлхийлж, үр ач, хүүхэд багачууд, хайртай хүмүүстэйгээ олон жил энэ орон сууцаа ашиглаж амьдрах тул тэднийгээ бага наснаас нь хордуулахгүй, тэднээс ч олон жил ач тусаа бидэнд харамгүй өгөх Агаар, Ус, Цэцэг жимс, Уул толгод, Гуу жалганд хог болж хэвтэхгүй эд зүйлсийг л ашиглаарай.
3. Химийн гаралтай ханын цаасаа хээ хуар, шинэ шилдэгээр нь сонгож, цавуугаар нааж ажил болохын оронд Ханандаа даавуун хатгамал, бүр энгийнээр нь өнгийн даавуу өлгөж өнгө зүсийг нь засдаг бол ямар вэ?
4. Хаягдал дугуй, шил, лаазыг ашиглан Газрын гадаргын онцлогийг ашиглан барьдаг Earthship төрлийн байшинг барьж, хүлэмж, ус, бохир, халаалт зэргээ байгалийн хүчийг ашиглан шийдвэл бас ямар вэ?
5. Монгол гэрээ ус борооноос хамгаалж гялгар уутыг хэдэн арван метрээр нь худалдан авч ашиглах бус, уламжлалт ахарын ноос оролцуулж нягт эсгий боловсруулдаг аргаар хийсэн эсгийгээр бүрсэн гэр жинхэнэ Монгол гэр бус уу?
6. Орон сууц, гэрийнхээ шаланд химийн гаралтай, янз бүрийн өнгө будаг, хээ хуар бас Үнэр танартай, хэдхэн хүний хөлийн ая даагүй хэврэгхэн хулдаас, тоос шороо их татаж, гишгэх тоолонд агаарт цацаж байдаг дрож, хиймэл дүбэн шалны оронд арьс, ширмэл ширдэг дэвссэн байвал зочид, найз нөхөд тань ямар их талархан хүлээн авах бол? нэмж хэлэхэд байгалийн дэвсгэр бол сэгсрээд л цэвэрлэгдчихнэ! ямар нэг тоос сорогч, химийн гаралтай цэвэрлэгээний материал шаардахгүй.
7. Эдээр биеэ, гэрээ чимснээс Эрдмээр биеэ, гэрээ чимээрэй!? /өөрчилсөн зүйр үг/
8.
Хүн энэ хорвоод шалдан ирээд, шалдан буцдаг гэдэгтэй та санал нийлэх
үү? тийм бол их эд зүйлс цуглуулан өөрийгөө тойруулах хэрэг байна уу?
Хэрвээ таны худалдаж авах гэж байгаа барилгын материал, хэрэгслэлийг ирэх 3 сарын хугацаанд ашиглахгүйгээр амьдарч болохоор байна уу? тийм бол, гайхалтай сайхан зүйл болох нь ээ, мөнгөө ч хэмнэчихье?!
9. Таны санаа, бодлыг mcl_begee[et]yahoo[dot]com хаягаар хүлээн авъя
Ухаант хүмүүн биднийг эх байгаль илүү дутуугүй бүх зүйлээр хангасан байдгийг л нээж ашиглахдаа, эргээд эх байгалиа асарч торддоггүй юмаа гэхэд нэмж гэмтээхгүй л юмсан.