Tuesday, February 10, 2015

Цагаан сарын өдрүүдийг бүтээлчээр өнгөрүүлэх санаанууд

Амар байна уу хэмээн мэндлэн тохой өргөн золгох өдрүүд айсуй?
Сар шинийн 1, 2-ны өдрүүдэд ахмад настануудынхаа гэрт өрх бүлээрээ зочлон очиж, бэлтгэн авч очсон бэлэг сэлтээ барьж золголт хийж,  тухлан сууж аваад, цай идээ хүртэж, бууз жигнүүлэн идэнгээ улиран одсон жилийнхээ амжилт бүтээлээс дуулгаж, хүүхэд багачуудаараа дуу хуур тоглуулж, бэлэг сэлт гардан авч тор уутандаа хийсээр, автобус унаагаар явсаар 4-5 айлд зочлон очдог байдал миний өрх бүлд 1999 оноос хойш давтагдсан хэдий ч,

Жил бүрийн цагаан сарыг ямар гарын бэлэгтэйгээр, хэрхэн өөрчлөгдөн сайжирсан байдалтайгаар настан буурлууд дээрээ очих вэ гэдэгт гэргий бид хоёр ихэд анхаарч, үргэлж шинэчлэл хийхийг зорьдог.

2010 оны Цагаан сарын өдрүүдэд дараах бодол төрж билээ:
- Ахмадуудынхаа сургаал үгийг алдалгүй хадгалж авч, дахин сонсож байхын тулд дууны бичлэг хийдэг төхөөрөмж - DIGITAL AUDIO RECORDER бидэнд байх хэрэгтэйг ойлголоо.
- Цаг алдалгүй Ураг төрөл, удам судраа лавлан мэдэж, зурж тэмдэглэх, намтар түүхийг сонсож мэдэх хэрэгтэй юм даа, тэгэхгүй бол буурлууд маань нэг нэгээрээ бурхан болсоор, бидэнд өвөг дээдсийг ярьж танилцуулах хүмүүс минь цөөрсөөр байгааг мэдэрч эхэлсэн.
http://begzsuren.blogspot.com/2013/02/2010.html

Цагаан сарыг үр бүтээлтэй өнгөрүүлэх 2012 онд төрсөн санаа:
- гэр бүлийнхээ зургийг угаалгаж, золгохоор очих айл бүхэндээ өгье гэж бодож байгаа
- өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ургийн бичгээ http://www.myheritage.com/ вэбд онлайнаар эсвэл Family Tree Builder програмд http://www.myheritage.com/family-tree-builder оффлайнаар бэлтгэж, зочлох үедээ боломж гарвал зарим мэдээллийг засах, шинэ төрсөн болон оруулаагүй байсан хүмүүсийг оруулах
- настан буурлуудынхаа сургаал үг, ерөөлийг дуу бичлэгээр хурааж авах ухаалаг гар утас, диктафон гэх мэт төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, бэлтгэх
- энэ жилийн өнгө төрхийг хадгалж үлдээх зорилгоор зургийн аппарат, зураг авах төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, ТВ зэрэг шууд тоглуулах төхөөрөмж рүү холбох кабелиа марталгүй зэхэх
- өөрийн гараар хийсэн, Монгол үндэсний цоож түлхүүр, уяа гогцоо төрлийн төмөр утас, ясаар хийдэг тоглоомуудаасаа авч очиж, хүүхэд багачуудад бэлэглэж, яаж тоглодгийг үзүүлж харуулна. http://begzsuren.blogspot.com/2012/02/blog-post_4703.html

2013 онд Цагаан сараар дараах санаа бодол төрсөн:
Жил жилийн цагаан сарын өдрүүдэд тэнгэр хангай тогтуун сайхан байж, ах дүүс аав ээжийнхээ гэрт цуглаж, өвөө эмээдээ зорин очиж, ерөөлийн үгс, ураг төрлийн хэлхээ, өнгөрч буй жилийн сайн сайхан бүхнээ дурсан ярилцаж, ирж буй жилдээ сайн бүхний билэгдэн ерөөж өнгөрүүлж байна.
- Гэр бүлээрээ авахуулсан зургийнхаа ард талд овог нэр, төрсөн өдөр, шинэ төрсөн хүү, охиноо танилцуулж, тухайн жилийн онцлох амжилт, дурсамж, холбоо барих утас, имэйл зэргээ бичиж, Настан буурлындаа бэлэглэж, үлдээвэл их л бахархалтай.
- Настан буурлуудын зургийг зөвхөн шинэ төрсөн ач, зээ, гучтай нь хамтад нь авч, ерөөлийн үгийг нь дуун бичлэг хийж авах.
- Аавын ээжийн талын настан буурал болгоны гэрээр очиж, золгох учиртайг дахин ойлголоо. Ингэснээр ураг төрлийн холбоог батжуулж, эргэн сануулж, ач зээ нартай нь танилцах боломжоо бүү орхигдуулаарай.
- Цагаан сарын бэлэг сэлтээ базаахдаа, аль болох өөрсдийн, ах дүүгийн бэлтгэж чадах сүү цагаан идээ, боов, оёж урласан хувцас хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг худалдан авах, захиалан хийлгэх.
- Хамгийн чухал нэг зүйл бол, цагаан сарын идээ будаа, хоол цайг бэлтгэхдээ аль болох эрүүл хүнс, чанартай хоол бэлтгэх арга технологийг харилцан солилцож, ядаж л нийслэл салатыг хэрхэн зөв бэлтгэх ёстойг Монгол ТВ НД-ээр битүүний орой гарсан Нүүдэл нэвтрүүлгийн Монголчуудын идээ ундааны уламжлал шинэчлэл сэдэвт ярилцлагаас мэдэж, ойлгож авав гэх мэт.
http://begzsuren.blogspot.com/2013/02/blog-post_14.html

2014 онд Цагаан сараар дараах санаануудыг хэрэгжүүлсэн:
- Гэргий бид хоёр хүүхдүүдээ л дуулуулж, бүжиглүүлж, морин хуур тоглуулдаг байсан бол энэ жилээс эхлэн өөрсдөө ая дууны бэлэг барьж "12 жил", "Наран мандах нутаг", "Миний ардын сэтгэл цагаан" гурван дууг дуулж, бид хэдийгээр насанд хүрсэн ч, та бүгдийнхээ хувьд бага балчир үр чинь шүү дээ гэдгээ харуулахыг хичээсэн
- Арвайн гурил эсвэл хуурсан гурил, шар тосоор зул барьж, золголтын бэлгэндээ оруулсан минь, айл болгоны бурхан тахилын дэргэд бадамлан асаж, дараа нь хуваан идэж болдог нь сайхан санагдаж байсан.
- 2013 оны цагаан сар, эсвэл дараа нь зочлон очих үеийн фото зургийг угаалгаж, бэлгэндээ оруулсан.
- Цахим харилцааны хэрэгсэлд ах дүүс, хамаатан садны хүмүүсийг багтаасан нууц бүлгийг үүсгэж, ах дүүсээ онлайн орчинд холбож, сар шинийн зургуудаа хамтдаа онлайнд байрлуулж үзэж, харилцсаар байна.
- Зөвхөн цагаан сарын өдрүүдээр л бие биенээ мэдэж, уулзаж ярилцдаг байхаас илүү улирал тутамд ах дүүс, ураг төрлийн уулзалтыг бага зардлаар хийхээр шийдэж, Бэгзсүрэнгийн гэр бүлийн өдөрлөгийг 4-р сард хийсэн

2015 оны сар шинийн өмнөхөн надад дараах бодлууд төрж байна:
- Золголтоор явахдаа хүн бүр өөрийн аяга, халбага, савхаа аяганы уутанд хийж, өвөртөлж очиж, цай хоолоо идчихээд, долоогоод л өвөртөлнө, зочлон очсон айлдаа илүү аяга угаах цэвэрлэх болон яаруу сандруу дутуу цэвэрлэгдсэн аяга халбага хэрэглэж ам, шүлс, бохир гараар дамжих аливаа эрсдлээс сэргийлнэ ээ
- Гэргийн хамт өмнөх жилд дуулсан дуугаа дуулахын зэрэгцээ, Ерөөл цээжилж хэлнэ
- Хонин жил гарч буй тул хонь хэлбэртэй амттай талх боов хийж бэлгэндээ багтаана
- Ямар нэг байдлаар сургаал үгс бичигдсэн, өрх бүлийн фото зураг, гишүүдийн жин, өндөр бичигдсэн зургийг бэлгэндээ багтаана гэж бодож байна?
- Хүүхэд багачуудад ах дүүсээс бэлэн мөнгө төгрөг, чихэр боов бэлэглэдэгийг болиулж, хичээл сургуульд нь хэрэглэгдэх харандаа, бал, хичээлийн дэвтэр, зургийн дэвтэр зэргийг бэлэглээсэй хэмээн хүсэж байна. Учир нь хүүхдүүд өөрсдөд нь өгсөн бэлгийг хэнээр ч заалгахгүйгээр өөрөө захиран зарцуулахаар шийддэг, уурладаг тул зарим тохиолдолд бэлэн мөнгө төгрөг нь сургуулийн орчны дэлгүүр, пс тоглоомын газар зэргээр чөлөөтэй үйлчлүүлэх, мөн хэдэн өдрийн турш  хоол унднаас гарч, нэг доор чихэрлэг хүнс их идэж бага насныхаа маажуурыг сэдрээх, биеэ эсийн түвшинд гэмтээх дутагдалтай талуудтай байна.

эцэст нь бодлоо нэмж бичихэд, Цагаан сар нь өнгөрсөн жилдээ өрх бүлдээ юу бодож сэтгэж, бүтээж чадсанаа настан буурлуудаараа дамжуулан ах дүүсдээ үзүүлж танилцуулах, бахархалаа хуваалцах баяр.

Эрхэм та цагаан сарын өдрүүдийг хэрхэн бүтээлч, уламжлал шинэчлэлийг хослуулан тэмдэглэн өнгөрүүлдэг туршлагаа сэтгэгдэлд бичих, [mcl_begee et yahoo.com] хаяг руу имэйл бичин хуваалцаж, ухаалаг худалдан авалтаар амьдралаа хэмнэхэд нь хэн нэгэнд туслаарай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Friday, January 16, 2015

Тоглоомонд мөнгө зарцуулахгүй байх боломж

Далай лам:
   Бяр чадлийн ундрага тул,
   Бодож сэтгэхэд цаг гарга
   Бага залуу харагдах тул,
   Тоглож наадахад цаг гарга ... хэмээн  сургажээ.
Мөн,
   Хүүхдийн хөгжилд, эцэг эх – хүүхдийн харилцаанд тоглоом бол маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Тоглоом бол эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ чанартай, хайр дүүрэн, үнэтэй цагаа түүнтэй хуваалцах боломжийг олгоно. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглож байхдаа гадны ертөнцийг умартан, орчлонг хүүхдийн нүдээр харж, хүүхэд багачуудын хосгүй ертөнцөд түр ч болов саатаад өнгөрөх боломжийг бүрдүүлэх сайхан тоглоом зохиож тоглож байхыг мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөж байна.

асуулт: Хүүхэддээ тоглоом авч өгөхдөө бид хамтдаа тоглоно гэж боддог уу?

Эрүүл хүүхдийн хөгжилд тоглоом маш чухал байр суурийг эзэлнэ. Тоглоом нь хүүхдийн оюуны, бие махбодийн болон сэтгэл санааны хөгжлийг уран сэтгэмжтэй нэгтгэн хөгжүүлдэг хэмээн Сэтгэлзүйчид зөвлөж байна.

асуулт: Таны авч өгсөн, таны хүүхдэд хэн нэгний бэлэглэсэн тоглоом таны хүүхдийг эрүүлээр хөгжихөд туслаж чадаж байна уу?

Тоглоом нь доорхи маш олон шалгууртай байх ёстой гэж үзэж болох уу?
- хийсэн материалаасаа эвгүй үнэртэй,
- хаягдаж гээгдэх, эвдэрч хэмхэрч ашиглах боломжгүй болохлоороо байгальд хоргүй,
- өнөөдөр авлаа, маргааш гэхэд эвдэрсэн байдаг буюу амархан эвдэрдэг, хуурамч,
- хаягдсан гээгдсэнийг нь нөхөж орлуулах, сэлбэн засах боломжгүй,
- хэд хоногийн дараа хүүхдийн тань сонирхол нь буурсан үед өөрчлөн тоглох боломжтой эсэх,
- ганцаараа тоглохын зэрэгцээ олуулаа тоглох боломжтой эсэх,
- цаг, өдрөөр өсөж байгаа хүүхдийн тань хүсэл сонирхолыг даган өөрчлөгдөж чадах уу,


дээрх 2 асуултанд өгсөн таны хариулт таньд таалагдахгүй байвал, та тоглоом худалдаж авч өгөхөд зарцуулсан цаг хугацаа, мөнгө төгрөгөө дэмий л үрэн таран хийжээ гэж дүгнэх байх.

хуванцар тоглоомуудад мөнгөө зараад яах билээ дээ:
http://www.pinterest.com/jbegzsuren/before-buy_save-life/

Тайлал:

Үнэндээ бид,
- Монгол тоглоом наадгайн ач тусыг сэргээн уншиж мэдэж, http://baharhal.mn/news/1/2/118

- Монгол тоглоом наадгайгаа бэлтгэн тоглох цаг болжээ.
http://www.mongolcom.mn/read/3329
http://odbaatars.blog.banjig.net/post.php?post_id=124954


Уриалга: тоглоомонд мөнгө зарцуулахаа болъё!

Дээрх хоёр нийтлэлийг уншсанаар бид "Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий" -г мэдэж, улмаар 80 тоглоомыг тоглож чаддаг ухаалаг өвөө эмээ, аав ээж болцгооё!

Monday, December 22, 2014

Хуванцар сав суулга, эд хэрэгслэл худалдан авахгүй байх боломж


Бидний хэрэглээнд хуванцар шанага, түмпэн, сав суулга, хогийн сав, тоглоом үнэхээр тохиромжгүй нь өдрөөс өдөрт ихсэж байгаа хуванцар бараа бүтээгдэхүүний хог хаягдлаас харагдаж байна.

Тохиромжгүй байгаагийн учир нь дараах болон бусад олон шалтгаантай байх, та ч гэсэн өөрийн бодлоо сэтгэгдэлд бичиж хуваалцаарай:

- жилийн 4 улиралтай Монгол оронд хуванцар эдлэл, хэрэглэл нь хага хөлдөж,
- хөдөлгөөн чанга, хүчтэй бидний гарт тэсэхгүй хагарч, цуурч,
- нүүх суух, угааж цэвэрлэх ажлын пянг даахгүй эвдэрчихсэн байдаг,

Дараах хаягаар орж, бараа бүтээгдэхүүний зургуудыг хараад, хуванцар эдлэл худалдаж авахаасаа өмнө та нэг бодож үзээрэй гэж би мунхаглалаа. Баярлалаа.
http://www.pinterest.com/jbegzsuren/before-buy_save-life/


Мөн эрхэм та ямар хуванцар бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр худалдаж аваад, хэрхэн сэтгэл ханамжгүй үлдсэн хэрэглээний жишээгээ блогийн хэрэглэгч нартай хуваалцаарай, баярлалаа.

Уриалга
хуванцар сав суулга, эд хэрэгслэл худалдан авахаа зогсооё!

Шийдэл

Монголчууд бид
 - арьс шир боловсруулан хийсэн -богц, -хөхүүр  гэх мэт
 - мод чулуугаа ашиглан хийсэн -модон аяга, домбо,  -чулуун ванн,
 - төмрөө боловсруулан хийсэн -данх, айргийн домбо,

эрхэм таны тусламжтайгаар дээрх жагсаалтыг өргөтгөн нэмэх хүсэлтэй байна, та цаг зав, сэтгэл зүрхээ зориулан Сэтгэгдэлд бичиж үлдээх эсвэл mcl_begee[et]yahoo.com имэйлээр холбоо барина уу. Баярлалаа.

Өнөөдөр миний мэндэлсэн өдөр - Өнөөдөр миний шинэ блогоо эхэлж байгаа өдөр

Худалдан авахаас өмнө ... Амьдралаа хэмнэе Before buy - Save life блогийн тухай

Бид өдөр тутмын амьдралдаа ямар их зүйлсийг хэрэглэдэг юм вэ?

- Агаар
Тайван байдалд эрүүл хүн нэг минутанд 8-10литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсч болдог ажээ. Эх сурвалж: http://www.oxygen.mn/air/

- Ус
Орон сууцны оршин суугч нэг иргэн өдөрт 250-280 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын иргэн өдөрт 8-10 литр ус зарцуулдаг. Эх сурвалж: http://miniiclub.com/forum/index.php?topic=7373.0

- Хоол хүнс
**Монголын дундаж орлоготой гэр бүл болох Р.Батсуурийнх ам бүл дөрөв. Нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Долоо хоногийн хүнсний зардал- 41.855 төгрөг буюу 40.02 доллар. Эх сурвалж: http://mobile.inet.mn/shortArticle/?0xnbi27/13590
**Бид хоолны чанар, зориултыг мартсанаас эрүүл мэнд хохирохоос гадна үр удам маань сул дорой болох аюул нүүрлээд байна. Адууны махыг зун идэхээс цээрэл гэж ахмадууд хэлж байсныг санаж буй хүн байна уу? Адууны мах илчлэг ихтэй тул зун идэхээр бие халаад өвдөх аюултай. Эх сурвалж: http://www.amai.mn/archives/5210

- Машин унаа
Миний машины хөдөлгүүр ажиллахын тулд шатааж байгаа бензин тосноос байгаль орчинд хэрхэн бохирдож байдаг бол.
Бяцхан тооцоо хийе. Автомашины хөдөлгүүрийн тахир гол минутад дунджаар 1000-6000 удаа эргэдэг. Эндээс хэдүүлээ нэг машины агаарт цацах хорт хийг дундачлах гээд үзье. 1.5 литр багтаамжтай хөдөлгүүр нэг минутад дунджаар 1000-2500 литр агаар бохирдуулдгийг Нийслэлийн агаарын чанарын албаныхан гаргажээ. Тэгвэл нэг цагт 60-150 мянган литр, нэг өдөрт 1-1.5 сая литр агаар хортой элементүүдээр бохирддог байна. Энэ тоо зөвхөн нэг машины агаар бохирдуулах хэмжээ. Гэтэл гэр бүлийн гишүүдээс автобусаар, машинаараа явдаг хэн хэн байгаа билээ? Эх сурвалж. http://mobile.inet.mn/shortArticle/?xx3ki28/18430

Энэ мэтчилэн
- гутал хувцас, цүнх сав гээд элдэв бараа бүтээгдэхүүн, цаашилбал цахилгаан энерги, халаалт дулаан, хог хаягдал гээд үйлчилгээ хангамж гэх мэт өртөг зардлыг төлдөг, дуусдаг зүйлс, гүнзгийрвэл
-  инээд наадам, баяр хөөр, уйтгар гуниг, хичээл сурлага, хүндлэл хайр, дурлал шохоорхол гэхчилэн хэмжихийн аргагүй, дуусахгүй зүйлсийг бид хэрэглэж амьдардагаа бид мэднэ, харин утгыг мэддэггүй :-)

Энэхүү блогоороо
- аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авсан бид яагаад худалдаж авсан, хэрхэн хэрэглэж байгаа туршлага, мэдлэгээ хуваалцаж,
- худалдаж авахын өмнө яаж судалж, мэдсэн түүхээ,
- анх худалдаж авахад их л хэрэгтэй, тустай санагдаж байсан ч, хэрэглээний явцад ашиг тусгүй мэт бодогдсон, батлагдсан,
- дараагийн худалдан авагч хүнд сургамж үлдээхээр шийдлээ.

Энэ блогийг хамтдаа бичицгээнэ шүү,
худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигласан туршлага, судалгаа, бодол дүгнэлтээ л сайн санааны үүднээс нийтлэж, хэн нэгэнд ямар нэг зүйлийг бодогдуулж, Амьдралаа хэмнэхэд нь туслаарай,
ярилцаарай, сэтгэгдлээ хуваалцаарай, миний утас 99861326, имэйл mcl_begee[et]yahoo.com

Долоо хэмжиж Нэг огтолцгооё!

Хүндэтгэн ёсолсон,
Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо