Wednesday, May 27, 2015

Хүүхэд гэдэг цагаар өсдөг тул, хувцас, эдлэл хэрэглэлийг бага шаарддаг, гэтэл ...

Эрхэм та хэдхэн цаг, өдөр, сар буюу түр зуурхан л хэрэглэгдээд ашиглах боломжгүй болдог ихэнх зүйлсийг хүүхэддээ зориулан худалдан авч өгсөн байдгаа анзаарсан уу?

Миний бодлоор,
- нярай хүүхдийн соосго, өлгий, хөлд оруулагч, түрдэг тэрэг, шажигнадаг тоглоом, хоол иддэг ширээ гэх мэт хэрэглэл
- өдөр цагаар өсч байгаа хүүхдийн улирлын чанартай хэрэглэгдэх хувцас
- хүүхдийн өтгөн шингэнийг шингээх нэг удаагийн хэрэглэл-памперс
- хүүхдийн сонирхолыг татсан гэрэл чийдэн, хэв дүрслэл, өнгө будагтай, гарын ая даахгүй, эвдрэх нь хялбар хуванцар машин, хүүхэлдэй, буу, усан буу, жижигхэн биллиард, жижигхэн сагсны шит, бөмбөг гэх мэт төрөл бүрийн тоглоом
- үсний боолт, зүүлт
- шинэ жил, хүүхдийн баяр гэх мэт баяр ёслолын үеэр алба мэт худалдаж аваад, дараа нь эвдрээд хаягдаад дуусдаг хиймэл гацуур, гацуурын чимэглэл, саа тууз, үлээдэг төрөл бүрийн шаар, гэрэлтдэг хэрэгслэлүүд гэх мэт
зэрэгт эцэг эхчүүд, эмээ өвөө бид бага биш мөнгийг зарцуулан худалдаж авч хэрэглэдэгээ өөрчлөх цаг болсон мэт.

Уламжлалаас харвал,
- Хүүхдийн буян нь барагдана, өмсөх хувцасны тоо нь гүйцэнэ гээд аль болох ах дүүсийнх нь өмсөөд багадсан хувцас, гутлыг арчилж тордоод л өмсгөдөг
- Цагаан сар, Даахь үргээх ёслол гэх мэт ёслолт баярын өдрийг тохиолдуулан шинэ дээл хувцасыг урлан, ерөөл хэлж жилдээ 1 удаа л шинэ хувцас өмсгөж өнгө засдаг
- Нялх хүүхдэд торго, даавууны өөдсийг нийлүүлэн өөдсөн дээл, тэрлэг хийж дулаан, үзэмжтэй хувцасладаг

Дахин ашиглах санаанууд,
- нэхий өлгий нь даавуу шиг нэг л нярайн настай биш, шээхэд сэгсрээд л хатдаг, хүүхдийг хөлөргөдөггүй гэх мэт онцлогийг бодолцож, ах дүүс дундаа нэхий өлгийтэй болж, уламжлан хэрэглээрэй,
- хичээлийн сурах бичгийг дээд ангийн ахаасаа авч, би өөрийнхийгөө тэр ахын дүүд нь өгч, тэр ахын дүүгийн нь сурах бичгийг миний дүү авч ашигладаг гэхчилэн сурах бичгээ гамтай хэрэглээд дүү нартаа хэрэглүүлдэг байдал бараг уламжлал болсон байсаныг одоо цагт ах дүүс дотроо сэргээхийг хичээцгээе
- гутал, хувцасыг дамжуулан өмсөх нь өрх гэрийн эдийн засагт их тустайг ойлгуулах, ах эгчээ хүндэтгэх, дүү нартаа гамтай өмссөн хувцсаа дамжуулан өгөх бахархал болгоосой

Энэхүү блогийн эрхэм зочин та өөрийн санаа бодлоо харамгүй хуваалцахыг хүсье.

No comments:

Post a Comment