Tuesday, June 23, 2015

Сүүлд ямар цахилгаан барааг худалдан авсан вэ, одоо хэрэглэж байна уу

 
Сүүлд ямар цахилгаан барааг худалдан авсан вэ, одоо хэрэглэж байна уу?

нийтлэлийн зорилго

Ингэхэд тог цахилгааны эх үүсвэр байхгүй бол ямар ч цахилгаан бараа хэрэглэгдэх боломжгүй болж, хог болно гэдгийг бид тооцоолж амьдарвал ямар вэ? энэ ч арай хэтэрхий боломжгүй бодол байна аа гэвэл дараах бодол эргэцүүлэл илүүдэхгүй байх:

- цахилгаан бараа нь нэг цагт хэдий хэмжээний энерги зарцуулдаг
- ашигт үйлийн коффицент ямар вэ
- энэ цахилгаан барааг хэрэглэхгүйгээр амьдралын ямар арга байна вэ
- энэ цахилгаан барааг энэ удаад авахгүй тэсчихвэл дараагийнх нь арай л үр ашиг илүү байх эсэх
- ах дүүс, хамаатан, хөршөөсөө түр зээлээд, магадгүй түрээсийг нь төлөөд ашиглаж, хэргээ бүтээгээд л хэрэглэгдэхгүй цахилгаан бараа биш биз дээ
- сэлбэг хэрэгслэл нь олдох уу, засвар үйлчилгээний газар байдаг уу
- хог хаягдал болсон цагтаа хаашаа очих, байгаль дэлхийг минь бохирдуулах юм биш биз дээ,   эргүүлэн авдаг цэг, компани бий билүү?
- эрхэм таны бодлоор үргэлжлүүлье, холбоо барих имэйл mcl_begee[et]yahoo.com

нийтлэл бичих шалтгаан

Миний санахад, хүүхэд байхдаа харж, үзэж байсан анхны цахилгаан бараануудын нэг нь Рекорд 345 зураг, Электроникс кассетны хөгжим байсан байх? мөн бага ангийн сурагч байх үед аав минь электроникс хөгжимдөө микрофон холбож, аавыгаа дуулуулж, яриулж бичлэг хийж байсаныг бүдэг бадагхан санаж байна. Тэр цаг үед бид өвөөгийнхөө "Соньхон зэргэлээт говь минь. Солонгын долоон өнгөтэй дөө хө..." хэмээн Тэмээн дээрээс наран ойрхон дууг дуулсан бичлэгийг дахин дахин сонсож байсан даа.

Улаанбаатар хотод оюутан болж 1994 онд ирээд, Хорооллын эцэс дэх худалдааны төвөөс өөрийн гэсэн Электроникс хөгжмийг худалдан авч, 60, 90минутын бичлэг хийх багтаамжтай 20-30ш Sony, TDK гэх мэт брэндийн кассетыг худалдан авч өөрийн гэсэн цахилгаан бараатай болж, мөн ч их бичлэгийг ТВ болон өөр кассет зэргээс хийж, бичлэгийг сонсож байдаг байсан.

Хожим 2008 онд их сургуулиа төгсөөд, ханьтайгаа учирч, өрх гэрээ тусгаарлан оюутаны байранд амьдарч эхлэхдээ хоёр ширэмтэй Элга плиткыг Туул жин пан худалдааны төв дээрх Элгагийн нэрийн дэлгүүрээс худалдан авч байсанаа өнөөдрийг хүртэл хэрэглэж байна.
2002 онд 2 хүүхэдтэй болсон өрх гэрт угаалгын машин хэрэгтэй байна гээд УИД-ээс Toshiba брэндийн 6кг хувцас дийлж эргүүлж угаах чадалтайг сонгон авч байсан, хамгийн сүүлд 2012 онд Кевико компаниас утасгүй интернэт сүлжээний модем худалдан авч нь өнөөдрийг ашиг тусыг нь хүртсээр байна.

Харин ямар нэг шалтгаанаар хэрэглэгдэхгүй болсон цахилгаан бараанд 2 тарифт цахилгааны тоолуур, Zemon агаар цэвэршүүлэгч, Минск хөргөгч, эвдэрхий 586 компьютер, ультра туяаны Билюкс халаагуур зэрэг байгааг анзаарч нягтлан хэрэглэж ач тусыг нь хүртэх хэн нэгэнд өгөхөөс татгалзах юун.

Цахилгаан барааг л худалдан авсан түүх хүний амьдралын мартагдашгүй мөч байдаг байсан бол, одоо ямар байдаг юм бол?

Өнөөдөр шинэ шинэ загвар, үзүүлэлттэй төрөл бүрийн цахилгаан бараанууд, тэр дундаа чанарын шаардлага хангах, хангахгүй, амархан шатдаг, эвдэрдэг гээд цэнэглэдэг батарейтай ламп, лэд /led/ гар чийдэн, халуун тогоонуудаас эхлээд угаалгын машин, хуучин загварын зурагт, зурагтын төрөл бүрийн гадна, дотор антенн, удирдлага, эвдэрхий зургийн аппарат, гар утасны сэг, уртасгагч залгуур энд тэндгүй хог болжээ.

Таны өрх бүл сүүлд ямар цахилгаан барааг худалдан аваад хэрхэн үр ашигтай хэрэглэж байгаагаа тунгааж үзээд, өөрийн хэрэглээний туршлагаа бусадтайгаа хуваалцаж, буян болоорой. Баярлалаа.

No comments:

Post a Comment